Tuesday, May 12, 2015

Ажил хийвэл ам тосдоно

 15-20 жил гутал засвар ажиллуулсан гэр бүлүүд

   
   Хүнд тусалсаны хариуд, хэдэн төгрөг олдог энэхүү ажлыг эрхэлдэг олон аавын хүү, ээжийн охин бий.  Дүүрэг бүрт, хороо болгонд гутал засварчин байдаг гэхэд хэлсдэхгүй.  Тэдгээр хүмүүсээр баячууд бус жирийн амьдралтай, энгийн иргэд л гутлаа янзлуулдаг. Өөрөөр хэлбэл, тэднээр урагдсан, цоорсон, салсан, халцарсан гутлуудаа засуулдаг. Харин гутал засварчид маань сайн, муу, сайхан, муухай гэж гололгүй хандсан хүн бүрт үйлчилгээг бүрэн үзүүлж буцаадаг.
Чингэлтэй дүүргийн тэр дундаа Хүнсний нэгийн ойролцоо гутлаа засдаг тэднийг эндхийн бараг л бүх иргэд андахгүй.  Тэд энэ газар жижигхэн саравч барьж 20 жилийг өнгөрөөсөн.
Одоо тэдний зорилго ажлын байртай л болох. Ингээд та бүхэнд гутал засварчин М.Ганболдын яриаг сонирхуулж байна.
-Анх хэзээнээс гутал засварын ажлыг хийж эхлэв?-1990 оноос хойш энэ ажлыг хийлээ. Анх Чингэлтэй дүүрэгт ирж, яг л энэ газарт ажлаа эхэлж байсан. Өмнө нь гутлын үйлдвэрт ажиллаж байсан болохоор энэ ажлыг хийж эхэлсэн.
-Овоо хэдэн жил суусан байна. Энэ хугацаанд мөнгө, төгрөг хуримтлуулж чадав уу? Одоо болтол ажлын байртай болж чадаагүй юм уу?-Хэдэн төгрөг хуримтлуулж чадсан. Гэвч ажлын байртай болно гэдэг хэцүү юм байна. Дүүргээрээ байнга явж, ажлын байртай болохоор хөөцөлдөөд л байгаа.
-Ер нь татвар татаас, янз бүрийн хөлс өгдөг үү?-Сар бүр татвар гэж 50-60 мянгыг төлдөг. Бас тогны, хогны мөнгө өгнө. Тогны мөнгө л гэхэд өдрийн 3000 төгрөг өгч байгаа.

-Танай гэр хаана вэ?-“Дэнжийн 1000”-ийн цагаан байранд байдаг. Хүү, охиныхоо хамт амьдардаг. Одоо том охин маань оюутан. Харин хүү маань элэг муу учир эмнэлгээр байнга явдаг. Зардал мөнгө төгрөг гээд хэцүү л  дээ. Манай охин машинтай. Оройд машинаараа ирж саравчийг маань буулгаж хүргэж өгөөд өглөөд авчирдаг.

-Ер нь та хоёрыг харахад үйлчлүүлэгч сайтай харагддаг. Өдөрт дунджаар хэчнээн төгрөг олж байна?-Үйлчлүүлэгч сайн. Байнгын үйлчлүүлэгч ч гэж бий. Хөдөө, гадаанаас ч хүмүүс их ирнэ. Хамгийн гол сайн, чанартай янзалж өгөхөөр хүмүүс их ирнэ. Муу, сэтгэлд нь хүрэхгүй засаж өгвөл ирэхгүй шүү дээ. Өдөрт дунджаар 50-иад мянган төгрөг олдог.
-Ер нь үйлчлүүлэгдчээс чинь мөнгө төгрөгөө өгөхгүй зугтах тохиолдол гарч байв уу?-Нэлээн олон удаа зугтах тохиолдол гарч байсан. Гутлаа засуулчихаад мөнгөө өгөхгүй зугтчихдаг.
-Өөр хүндрэл бэрхшээл юу гарч байна?-Ажлын байргүй болохоор даарч, хөрнө. Бөөр, уушиг муудсан.  Хань маань ч эмэгтэй хүн болохоор доороосоо даарах ямар олиг байхав.
-Ер нь энд суулгахгүй гэж хөөх, “хавчих”  тохиолдол гарах уу?-Тийм зүйл өмнө нь их байсан. Одоо бол тийм зүйл байхгүй.
-Өглөө хэдэд ирээд орой хэдийд бууж байна?-Өглөө 10.00 цагт ирээд орой 18.00 цагт буудаг. Өвлийн цагт эрт харанхуй болдог болохоор бас их хүндрэлтэй.

-Гутлынхаа материалыг хаанаас татдаг вэ?-Ихэвчлэн “Нарантуул” захаас авдаг. Харин гутал хийх тоног төхөөрөмжөө 100-250 мянган төгрөгөө авсан. Материалны үнэ, хийх ажлаас шалтгаалаад засварын хөлсөө янз бүрээр авна.

Харин дараагийн уулзаж яриа авахаар зорьсон хүмүүс бол “Тэнгис” кино театрын өмнө “Виктория” центерийн хашаанд байрлах жижигхэн мухлагийн эзэд байлаа.   Тэд дээрх иргэдийг бодвол ажлын байртай хүмүүс. Мөн л эхнэр, нөхрийн хамт 15 гаруй жилийг гутал засаж өнгөрөөж байгаа. Өмнө нь энэ хоёр Баянгол дүүрэгт гутал засварын ажил эрхэлж байгаад Чингэлтэй дүүрэгт ирээд 10 гаруй жилийг үдэж байгаа аж. Тэд газрынхаа мөнгийг, тог цахилгаан, хогныхоо мөнгийг төлдөг. Өдөрт 20-40 гаруй мянган төгрөгний орлого олдог. Тэдний хэлж буйгаар гутал засварын ажил хавар, намрын үед сайн ашиг олдог, харин өвөл муу гэнэ. Эхнэр, нөхрөөр хоёроор үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнхийг оюутнууд эзэлдэг. Тэдэнд одоогоор тулгараад байгаа асуудал бол зээл. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ хэмээдэг ч гутал засварчид дээр энэ ажил хэрэгжихгүй байна гэцгээж байна.  Учир нь тэд ажил үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор тодорхой хэмжээний зээл авахыг зорьж байгаа аж. Гэвч өндөр барьцаа шаардаж зээл нь бүтэхгүй байгаа юм байна.
   Энэхүү мухлагийн эзэн С.Энхбаяр хэлэхдээ “Бүх зүйлийн үнэ өссөн. Тухайлбал, шар цавуу л гэхэд 350 төгрөг байсан ч одоо 750 болсон. Тэгэхээр бид материалын үнэ нэмэгдсэн гээд засварынхаа мөнгийг нэмэхээс өөр аргагүй байдалд байдаг ч иргэдээ бодоод нэмж чаддаггүй. Учир нь биднээр баян хүмүүс тэр бүр үйлчлүүлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Яг л бидний адил жирийн л иргэд үйлчлүүлж байдаг” гэв

No comments:

Post a Comment